Усан будгаар гадаргууг будах

Усан будгийн төрөлд шохойн ба цавуун будаг, царууц будаг, ээдэмцрийн будаг болон усан цийлмэг будгууд хамаарна. Усан будгаар барилгын гадна ба дотор талын шавар модон гадаргууг буддаг. Усан будгийн найрлага бэлтгэхэд үндсэн материал нь барилгын шохой ба мел шохой юм.

Будгийн найрлагад амьтны ба ургамлын гаралтай цавуу, шингэн шил, КМЦ цавуу зэрэг холбогч материал орно. Будгийн найрлагыг уян налархай болгох,  усанд уусахгүй төмрийн давс үүсгэх зорилгоор хоолны давс, барааны саван зэрэг туслах материал  орно. Будагт тодорхой нэг өнгө өгөхийн тулд хуурай будгийн зүйл нэмдэг. Будгийг хэрэглэхийн өмнө 2 дахин шүүнэ. Гадаргууг 2-3 дахин будна. Ханыг эхлээд хөндлөн, хамгийн сүүлчийн будалтыг босоо чиглэлээр будна.

Цавуун будгаар будах 

Мел шохой, цавуу, усан будгийн зүйл зэргийг тусгай жороор авч найруулсан будгийг цавуун будаг гэнэ. Цавуун будгаар барилгын дотор талын хана таазыг будна. Цавуун будаг бэлтгэх үндсэн материал нь шохой, холбоосон цавуу юм. Цавуун будгийг багс, өнхрүүлэг, будаг шүршигч, цахилгаан ажиллагаатай будаг шүршигчээр гадаргууд гаргана. 
Хана будахдаа панелийн дээд талыг утсаар хязгаарлах шугам татаж, шугамны ойролцоох хэсгийг жижиг багсаар гаргана. Хананд хэмжилт хийж, хязгаарын шугамыг тэгш усны тусламжтай гаргана. 
Будалт хийхдээ ханыг эхлээд хөндлөн чиглэлээр будна. Таазанд эхлээд цонхны гэрлийн тусгалд перпендикуляр хөндлөн эцэст нь дагуу будна. Будалтын 2-р үеийг хананд босоо чиглэлээр будах ба гадаргууг будаж байх үедээ хаалга цонхыг онгойлгож болохгүй. Хаалга, цонх онгойлгоход хаталт жигд бус болж судалтана. 
Багсаар будалга хйихдээ ханыг эхлээд хөндлөн будна. Ханыг багсаар будахдаа гадаргуугын дээд ба доод хэсгээр хувааж будвал тохиромжтой. Нэг булангаас эхэлж шууд будах аргыг дэвсгэр будаг сайн хийсэн тохиолдолд ашигтай гэж үздэг.

 Багсаар хананд хоёр дахь үеийн будалтыг босоо чиглэлээр будах ба тасалгааг бүрэн хийсний дараа хаалга цонхыг нээж түргэн хугацаанд хатаах хэрэгтэй.

 

Сэтгэгдэл