Агааржуулалтын систем

Агааржуулалтын систем

       Өрөө тасалгаан доторхи агаарын температур, чийг, хурдыг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагын дагуу тогтмол байлгах зорилгоор инженерийн иж бүрэн шийдэлтэй агаар сэлгэлтийн системийг төлөвлөдөг. Агаар сэлгэлтийн систем нь агаар оруулах ба зайлуулах хэсгүүдээс бүрдэнэ.

Оруулах систем: өрөөнд цэвэр агаар гаднаас оруулах систем

Зайлуулах систем: өрөөний бохирдсон агаарыг гадагш зайлуулах систем

Ерөнхий агаар сэлгэлт: өрөө тасалгааны нийт агаарыг сэлгэх систем

Байрны агаар сэлгэлт: Аливаа үнэр, хорт бодисыг ялгарч буй хэсэгт зайлуулах, агаар сэлгэлтийн систем.

       

       Агаар сэлгэлтийн системийг эрчим хүчний хэрэглээ багатай, ашиглалтын зардал бага байхаар шийдэх шаардлагатай. Үүний тулд дараах үндсэн шаардлагууд тавигдана:

1. Битүүмжлэл - Барилгыг аль болох битүүүмжлэл сайтай барьж, хана цонх, хаалганы завсраар алдагдах дулааныг багасгах

2. Зайлуулж буй агаарын дулааныг ашиглах -  "Эрчим хүчийг эргүүлэн ашиглах" гэдэг нь зайлуулж буй бохир агаарын дулааныг ашиглан оруулж буй агаарыг халаахыг хэлнэ

3. Шаардлагатай агаар солилцоо - Оруулж буй агаарыг өвөл халааж, зун хөргөх шаардлагатай. Иймд агааржуулалтын системийн эрчим хүчний хэрэглээ агаарын хэмжээнээс буюу хүчин чадлаасаа шууд хамаардаг.

Цэвэр агаарын хэрэгцээ нь өрөөнд буй хүний тоо, өрөөнд ялгарч буй дулаан, гал тогооны болон сантехникийн хэрэгслүүд ажиллаж буй эсэхээс хамаарч хувьсаж байдаг. Өрөөнд хүн байхгүй үед агаар сэлгэлтийн систем хамгийн бага хүчин чадлаар ажиллана.  Ариун цэврийн өрөөнүүдэд ихэнхдээ 2 системийг хослуулан хэрэглэдэг. Ингэхдээ ерөнхий агаар сэлгэлт дээр нэмж агаар сорох сэнсийг төлөвлөдөг. 

Өрөөнд орж буй цэвэр агаар нь ариун цэврийн өрөөнүүдийн хаалгануудад байрлах сараалжуудаар нэвтэрч сорох системээр гадагш зайлуулагдана. Ингэснээр "технологийн хувьд цэвэр" өрөөнөөс "технологийн хувьд бохир" өрөөнүүд рүү дамжин

түгээгдэх зарчим хадгалагдан эвгүй үнэр тархахаас сэргийлнэ.

Гараж болон техникийн өрөөнүүд нь бие даасан агаар сэлгэлттэй байна. Үүний тулд гаражид хөдөлгөөн мэдрэгчтэй сувгийн сэнс суурилуулдаг. Хөдөлгөөн мэдэрч эхэлмэгц сэнс ажиллаж хөдөлгөөн зогссоноос хойш 10 минутын дараа (30 секундээс 30 минут хүртэл тохируулж болно) унтарна. Гараж болон техникийн өрөөнүүдэд агаар оруулах автомат хаалт нь сэнс ажиллахад нээгдэж зогсоход хаагдана. 

Сэтгэгдэл