Ландшафт дизайн гаргах

1.Төлөвлөлт
        Төлөвлөж бодож хийсэн зүйл огт төлөвлөгөөгүй хийсэн зүйлээс ямагт илүү байдаг төдийгүй эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг. Ийм учраас юуны өмнө өөрийн байшингийн гадна тохижилтыг ямар байх талаар байшингаа барихаас ч өмнө цаасан дээр буулгаж, төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөхдөө газраа нарийн хэмжиж, зай талбайгаа тооцоолох нь зүйтэй. Ингэснээр таны 
хийх зүйлийн  хэмжээ гарах төдийгүй  үнэ өртгийн багцаа бий болох юм. Бүх зүйлийг өөрөө тооцоолоод хийж болох ч энэ чиглэлийн мэргэжлийн зураг төслийн компанид хандаж хийлгэвэл илүү тодорхой ойлгомжтой болно. Зургийн дагуу байшингаа барьж дуусаад газар доогуурх инженерийн байгууламж шугам сүлжээгээ хийж дууссаны дараа гадна тохижилтын ажлаа эхлэх хэрэгтэй. Үүнд: Цэвэр бохир усны шугам, цахилгааны шугам, худаг, ус зайлуулах хоолой гэх мэт орох бөгөөд ингэх нь хийсэн зүйлээ эвдэж сүйтгэхгүй байх сайн талтай.
2. Зам талбай
        Тохижилтын ажлыг зам талбай тавихаас эхэлнэ. Зам хийх газрын доогуур инженерийн шугам сүлжээ хийх зорилгоор ухаад буцааж булсан газар бол уг газрыг дахин ухаж хөрсийг нь 30 см тутамт нягтруулан булах хэрэгтэй. Зам тавих газрын ургамлын үетэй өнгөн хөрсийг авч оронд нь хайрга дэвсэж өгвөл илүү бөх бат болдог. Хашаандаа зам тавих материал сүүлийн үед манайд харьцангуй сонголт ихтэй болсон. Үүнд: Бетоноор цутгах, асфальт, бетон цутгамал хавтан, бетон шахмал хавтан, байгалийн чулуун зам мөн бетоныг газар дээр нь хээ гаргаж хэвлэж, байгалийн чулуу мэт харагдуулдаг технологи ч нэвтрээд байна. Эдгээр материал нь бүгд өөрийн давуу болон сул талуудтай байдаг. Жишээ нь: Чулуугаар зам хийхэд бат бөх,  удаан эдэлгээтэй боловч бусад материалыг ашигласнаас харьцангуй үнэтэй болно. Бетоноор зам талбай хийхээр шийдсэн бол дулааны улиралд сайн чанарын буталж угаасан хайргаар цутгаж хийх хэрэгтэй. Бяцхан сануулга өгөхөд хаа сайгүй зардаг голын шавартай хайргаар бетон цутгавал нэгээс хоёр жилийн дараа хагарч бутраад, нөр их хөдөлмөр үгүй болж мэднэ. Үүний нэгэн адил гадуур элбэг зарагддаг явган замын бетон хавтан мөн адил хямд угаагаагүй хайргаар хийсэн бол хагарч бутардаг. Замыг эвддэг хамгийн гол зүйл бол ус байдаг. Иймд зам тавихдаа бороо, цасны усыг хэрхэн  зайлуулах талаар сайтар бодож тооцоолох хэрэгтэй.
3. Гэрэлтүүлэг
       Зам талбайгаа хийж дууссаны дараа гэрэлтүүлгээ суурилуулах хэрэгтэй. Гэрэлтүүлэг нь  зам талбайд зориулагдахаас гадна байшин болон бусад тохижилтыг гэрэлтүүлэхэд ашиглавал үдэш орой илүү гоёмсог  
харагдуулж тав тух, сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Харин гэрлээ сонгохдоо сүүлийн үеийн лед гэрэлтүүлгийг сонговол эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй удаан эдэлгээтэй байдаг. 
4. Ногоон байгууламж
       Дараагийн чухал ажил бол орчноо зүлэгжүүлэх, мод тарих. Зүлэг тарихаас өмнө модоо суулгах хэрэгтэй. Модыг үржүүлгийн газраас аваарай. Манайд гадуур худалдаалагдаж байгаа зарим суулгац зориулалтын бус аргаар уулнаас шууд авчиран, үндсийг нь гэмтээж, хатаачихаад зарж байгаа харагддаг. Ийм мод ургах магадлал бараг үгүй юм. Учир нь модны үндэс доторх нарийн хялгасан үндсүүд нь хатсан тохиолдолд хөрснөөс шим тэжээлээ авч чадахаа больдог. Байшин барилга барихад орчны  зүлэг талхлагдаж алга болдог. Хэрвээ сайн хөрстэй газар арчлаад дээгүүр нь явахгүй байвал буцаад амархан төлжинө. Хөрс муутай газарт зүлэг шинээр суулгахаас өөр сонголтгүй юм. Зүлэг шинээр тарихдаа юуны өмнө газрын өө сэвийг сайтар янзалж тэгшлэх хэрэгтэй. Гольфийн талбай ямар байдаг билээ. Яг түүн шиг тэгш, өө сэвгүй байх тусам гоё сайхан харагдахаас гадна зүлэг ногоо ч сайн ургана. Мөн хөрсөнд байгаа хуучин ургамлын үндсийг авахад илүүдэхгүй. Энэ нь  зүлэг тарьсан газарт элдэв хогийн ургамал ургахаас сэргийлнэ. . Манай орны нөхцөлд хүйтэнд тэсвэртэй олон наст зүлгийн үрийг сонгож, зааврын дагуу тарих хэрэгтэй. Түүнчлэн суулгах үр шинэ байх хэрэгтэй. Ямар ч зүлгийн үр олон жил хадгалж, он дамжих тусам соёолох чадвараа алдаж, ургац нь 30-40 хувь буурдаг. Зүлгээ зааврын дагуу тарьсны дараа хөрсөө нягтруулж өгвөл хожим нь хүн явахад хонхойж эвдэрдэггүй сайн талтай.  
5.Архитектурын элэментүүд
       Дээрх дөрвөн зүйлээс гадна гадаад тохижилтын бас нэг чухал элемент нь архитектурын жижиг байгууламжууд юм.  Үүнд: Сүүдрэвч, сандал, цэцгийн мандал, хашаа хашлага, бичил цөөрөм, усан оргилуур зэрэг орно. Эдгээрийг эв донжийг нь олоод гаднаа хийчихвэл ая тух нэмэгдэхээс гадна хашаа хорооны үзэмжинд чухал нөлөөтэй. Сүүдрэвч, сандал зэргийг цэвэр модоор хийх нь зүйтэй. Ямар ч төрлийн модоор  сүүдрэвч хийж болох ч хамгийн чухал нь сайтар хатсан мод байх хэрэгтэй. Хатаасан модоор хийсэн зүйлс хэлбэрээ алдахгүй байх сайн талтай. Гадна орчинд байх зориулалтаар хийсэн модоо  өнгөлөхдөө дотор зориулалтын лак бус гадна агаарын нөлөөлөлд тэсвэртэй модруугаа шингэж уусдаг  лазураар өнгөлөөрэй.Эцэст нь нэгэнт хийсэн тохижилтоо сэтгэл гаргаж байнга арчилж тордсоноор үргэлж сайхнаараа байж, танай гэр бүл, үр хүүхэд, ирсэн зочдод сэтгэл ханамж, тав тухыг бэлэглэх болно.

Сэтгэгдэл