Зоорийн давхрын дулаалга

Зоорийн давхрын дулаалга

Зоорийг муу дулаалсан эсвэл дулаалгагүйгээс болж шалаар багагүй дулаан алдагддаг. Иймээс зоорийн давхрын ханыг гадна ханын адил дулаалах хэрэгтэй.

Хүйтэн зоорийн давхартай бол нэгдүгээр давхрын дулааны алдагдлыг багасгахын тулд зоорийн хучилтыг доороос нь дулаалахад хангалттай. Ингэхийн тулд 5см-ээс багагүй зуззантай хатуу хөөсөнцөр хавтанг зориулалтын цавуугаар / плитаны цавуу/ нааж тогтооно.  Энэ ажлыг та өөрөө төвөггүй хийнэ.

Хэрэв таны байшин зоорийн давхаргүй бол шалаа дулаалахын тулд түүнийг хөндөлгүйгээр дээрээс нь нэмж дулаалан давхар шаллах нь арай хялбар байх болно. Ингэж хийх тохиолдолд хаалганы самбаруудыг доороос нь тайрч хасах ажил гардгийг анхаараарай.  

Нэмэлт тайлбар:

Дулаалгын учир шалтгаан нь барилгын дотор болон гадна агаарын дулаан солилцоог бууруулах явдал юм. Дулаан солилцоо нь дамжуулалт, конвекц, цацрагийн гэсэн 3 байдлаар явагддаг.

Дамжуулалт: хатуу биеийн халж байгаа талын хурдан хөдөлж байгаа молекулууд нь түүний хүйтэн талын удаан хөдөлж байгаа молекулуудтай мөргөлдөхдөө тэдэнд эрчим хүчийг зөөх замаар тэр биетийн дундуур дамжуулах үзэгдэл. Үүнийг материалын дулаан дамжуулалтын коэффициентээр илэрхийлдэг.

 

-материалын дулаан дамжуулалтын коэффициент: Тухайн материал дулаан хэр сайн дамжуулдгийг илэрхийлдэг коэффицент. Тухайлбал хөөсөнцөрийнх 0,04 бол тоосгоных 0,7 вт/м градус байдаг. Энэ нь тоосго дулааныг хөөсөнцөрөөс 15 гаруй дахин илүү дамжуулдаг буюу дулааныг төдийхэмжээгээр алддаг гэсэн үг.

Конвекц: Энэ үзэгдэл нь агаар болон шингэний хөдөлгөөний үр дүнд буй болох ба тухайлбал халуун агаар хөөрч хүйтэн агаар суух байдлаар шилжих хөдөлгөөний эргэлтийн гогцоог үүсгэдэг.

Дулаалгын уламжлалт цуллаг материалууд нь дамжуулалт ба конвекцийн нөлөөгөөр зөөгдөж буй дулааны урсгалыг сааруулах бөгөөд ингэж сааруулж байгаа үйлчлэлийн үр нөлөөг (R- хэмжигдэхүүн) - ээр илэрхийлдэг.

R- хаших бүтээцийн (хана, хучилт, цонх, шал гэх мэт) дулаан шилжүүлэлтийн эсэргүүцэл. Энэ коэффицент өндөр байх тусам тухайн хийцээр алдах дулааны хэмжээ бага байна. Тухайлбал ердийн 64 см тоосгон ханын R=0.98 м2 С/Вт байхад түүн дээр 12 см хөөсөнцөр хаьтангаар нэмж дулаалахад R=3,4 м2 С/Вт болж түүгээр алдагдах дулааны хэмжээ 3,5 дахин буурна. Түүний урвуу хэмжигдэхүүнийг К коэффицент буюу дулаан шилжүүлэлтийн коэффицент гэнэ.  

Цацраг: Дулааны эх үүсвэрээс ялгарсан цацраг нь агаар юмуу хоосон орон зайгаар (вакуум) хүйтэн гадаргуу руу 299,274 км/секундийн хурдтайгаар шилждэг бөгөөд ингэхдээ биетийн гадаргыг мөргөх агшинд л дулаан гэдэг нь мэдэгдэнэ. Дулаалгын уламжлалт материал энэ дулааны цацрагийг зогсоож чадалгүй нэвтрүүлдэг. Гэрлийн ойлт сайтай мөнгөлөг цаасан хальсийг цацрагийн дулааныг тусгаарлахад хэрэглэнэ.

Зоорийн давхрын хучилт

Ихэнхдээ хангалтгүй дулаалгатай байдаг ба хүмүүс үүнийг нэг их анзаардаггүй. Гэтэл зоорийн давхарын хучилтыг бага зардлаар дулаалж эрчим хүч хэмнэх боломжтой. Хамгийн хялбар арга нь зоорийн хучилтын доод гадаргууд дулаалгын хавтан наах, бэхэлж тогтоох арга юм. Үүнд нэг их хүндрэл гарахгүй.

Шалны дулаалгыг 10 см зузаантай дулаалгын материалаар хийхээс гадна  суурийн хэсэгт босоо дулаалгыг гадна болон дотор талаас нь хийнэ. Гадна талыг 5-10 см дулаалгын материалаар дулаалах ба заавал ус чийг тусгаарлах түрхлэг хийнэ. Суурийн болон шалны дулаалгын залгаас зөрж давхарлаж байхаар хийвэл илүү үр дүнтэй байдаг.

 

Сэтгэгдэл