Цементийн үндсэн ойлголт ба хэрэглээ

Барилгын талх хэмээн нэрлэгддэг цемент нь барилгын үндсэн түүхий эд материал бөгөөд чулуунцар, гөлтгөнө, нэмэлтээс бүрдсэн, усан орчинд бэхжих шинж чанартай, нунтаг байдалтай барилгын барьцалдуулагч материал юм.

Цементийг хуурай ба нойтон гэсэн 2 аргаар үйлдвэрлэдэг. Шохой, шавраас тогтсон хольцыг 1350-1450° С температурт шатааж боловсруулсан чулуунцарыг /клинкер/ жингийн 3.5 хувь хүртэл гөлтгөнө чулуутай хамт нунтаглаж гарган авсан зохиомол материал болох цементийг түүнийг нээсэн газрын /Английн Роrt-Land хотын/ нэрээр портландцемент гэж нэрлэсэн.

Цементийг дараах байдлаар ангилна. Үүнд:

Зориулалтаар нь: 

  • Барилгын өргөн хэрэглээний

  • Тусгай зориулалтын 

Чулуунцарын төрлөөр нь: 

  • Портланд цементийн 

  • Хөнгөн цагаант 

  • Сульфоалюминатын чулуунцарын гэж ангилна.

Цементийг 28 хоногийн дараах шахалтын бат бэхээр нь 32,5; 42,5; 52,5; 62,5 гэсэн ангид хуваана. Цементийг 3, 28 хоногийн дараах бат бэхээр нь ердийн, хурдан бэхжилттэй (R) гэж ангилна. Цементийн барьцалдаж эхлэх хугацаа 45 минутаас багагүй, дуусах хугацаа 10 цагаас ихгүй, эзэлхүүний жигд өөрчлөлт /тэлэлт/ 10мм-ээс ихгүй байна.

Цементийг бүрдүүлэгчийн орцоор нь 5 төрөлд ангилна. Үүнд:

PC- Портландцемент

·                  OPC- Эрдэс нэмэлттэй портландцемент

·                  PSC- Шааргат портландцемент

·                  PPC- Пуццолан портландцемент

·                  CPC- Холимог портландцемент

Хэрэв та цемент худалдан авах гэж байгаа бол дараах зүйлүүдэд анхаарлаа хандуулаарай.

1) Цементийн тэмдэглэгээ:

Портландцемент РС 42,5R  MNS 974 : 2008 тэмдэглэгээнд:

  • РС-цементийн товчилсон тэмдэглэгээ /портландцемент/ 

  • 42,5- шахалтын бат бэхийн анги. MNS 974 : 2008 стандартын шаардлагад РС42,5 ангийн цементийн 28 хоногийн дараах шахалтын бат бэх нь 42,5 МПа /425кгх/см2/,  гулзайлтын бат бэх нь 6,5МПа /65кгх/см2/ байна гэж заасан байдаг.

  • R-хурдан бэхэжлийн тэмдэглэгээ 

  • MNS 974 : 2008- “Портландцемент. Техникийн шаардлага”  стандартын тэмдэглэгээ

Портландцемент ОРС 15 42.5  MNS 974 : 2008 гэсэн тэмдэглэгээнд:

  • ОРС- эрдэс нэмэлттэй портландцемент, ердийн бэхжилттэй

  • 15 хувийн эрдэс нэмэлттэй

  • 42,5-шахалтын бат бэхийн анги

  • MNS 974 : 2008- “Портландцемент. Техникийн шаардлага”  стандартын тэмдэглэгээг заасан байдаг.

2) Цементийн савалгаа, хаяглалт:

Цементийг уут, сав баглаа, боодолд савлах буюу задгайгаар нийлүүлнэ. Савлагаанд давхарлаж оёсон эсвэл наасан, ус чийг нэвтрүүлдэггүй уут,  бага хэмжээгээр савлахад зориулан полиэтилен сав баглаа уут мөн 2-3 давхар полиэтилен уутыг ашигладаг. Ууттай цементийн дундаж бохир жингээс уутны дундаж жинг хасч, уутан доторх цементийн дундаж цэвэр жинг тодорхойлно. Уутанд савлах үндсэн хэмжээ 50 кг байх ба бусад хэмжээгээр савлах үед савлагааны жинг хаяглалтад заавал бичнэ. Савалгаа нь бүрэн бүтэн, урагдаж цоороогүй, хадгалах хугацаа нь дуусаагүй, хатуураагүй, хаяглалт нь доорхи мэдээллийг агуулсан цементийг сонгож аваарай.

Цементийн уутны хаяглалтад дараах зүйлийг бичсэн байдаг: Үүнд:

1) Үйлдвэрлэгчийн лого, барааны тэмдэг, 

 

2) Үйлдвэрлэгч, бүтээгдэхүүний нэр

3) Цементийн төрөл 

4) Бат бэхийн анги  /PC-42.5, OPC-42.5 гэх.мэт/

5) Савлагаанд хамаарах цементийн дундаж цэвэр жин

6) Стандартын тэмдэглэгээ (MNS 974 : 2008 ) 

7) Хадгалах нөхцөл, анхаарах зүйлийн тэмдэглэгээ

8) Үйлдвэрлэгчийн хаяг, утас

Цементийн уутан дээрх тэмдэглэгээнүүд:

3. Цементийн хадгалалт:

Цементийг савлаагүй бол силос буюу бусад битүү саванд, савласан бол хуурай битүү агуулах, байранд шалнаас хөндий тавиур дээр хурааж хадгална.

Өөр төрлийн болон бат бэхийн ангиар өөр цементийг хольж хураах, цементэд чийг авахуулах, гаднын зүйлээр бохирдуулах, задгай цементийг ил агуулахад хадгалахыг хориглоно.

Ууттай цементийг хурааж хадгалахдаа газраас 45см-ээс дээш өндөрт хийсэн шалтай, ус чийг нэвтрэхээргүй битүү агуулахад хадгална. Ууттай цементийг тавиур дээр 1,8 м-ээс ихгүй өндөртэйгээр нягт хурааж, чөлөөтэй хүрэх гарц гаргана.

Цементийн үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацааг уут, саван дээр, задгайгаар нийлүүлэх үед дагалдах чанарын гэрчилгээнд бичсэн байна. Цементийг үйлдвэрлэснээс хойш 60 хоногийн дотор хэрэглэхээр тооцож хадгална. Хэрэв энэ хугацаанаас хэтэрвэл цементийн идэвхжил буурч, чанарт нь өөрчлөлт ордог.

4. Дагалдах чанарын гэрчилгээ

Та бүхэн хуурамч цемент худалдан авахаас сэргийлж  дагалдах чанарын гэрчилгээ, лабораторийн шинжилгээний бичиг, үйлдвэрлэгч нь тохирлын гэрчилгээтэй эсэхийг  шалгаарай. Чанарын гэрчилгээнд дараах мэдээллүүд багтсан байдаг:

Үүнд:

  • Үйлдвэрлэгчийн нэр, хаяг, барааны тэмдэг

  • Цементийн нэр буюу тэмдэглэгээ

  • Цементийн бат бэхийн анги

  • Хэсгийн дугаар, ачсан огноо

  • Цементэд нэмсэн нэмэлтийн төрөл, хэмжээ

  • Тээврийн хэрэгслийн дугаар

  • Цементийн баталгаат хугацаа, /сараар/

  • Тохирлын гэрчилгээ буюу тохирлын тэмдэг

  • Стандартын тэмдэглэгээ

5. Цементийн хэрэглээ:

Орон сууц, олон нийт, үйлдвэрийн зориулалттай барилгын үндсэн бүтээц, бетон зам, хучилт, өргийн ажил, заслын ажил, суурь, далан суваг, усны хоолой, хамгаалалтын түшиц хана, бетон ба төмөр бетон эдлэл, бетон зуурмаг үйлдвэрлэхэд цементийг орц нормын дагуу хэрэглэнэ.

Манай оронд барилгын өргөн хэрэглээний РС42.5, РС52.5, ОРС42.5 портланд ангиллын цементийг өргөнөөр хэрэглэдэг байна.

РС42.5-42,5 ангийн портландцементийг барилгын зориулалттай бетон, төмөр бетон хийц, угсармал хийц хэсгүүд, гүүр далангийн барилга, цутгамал хийц, өрөг, заслын зэрэг ажилд хэрэглэнэ.

РС52.5-52,5 ангийн портландцементийг өндөр бат бэх бүхий угсармал хийц, төмөр замын бетон дэр, өндөр хүчдэлийн шон, зам гүүрийн байгууламж зэрэгт ашиглана.

ОРС42.5-Эрдэс нэмэлттэй 42,5 ангийн портландцементийг бүх төрлийн барилгын ажилд өргөнөөр хэрэглэнэ.

6. Цементийн орц, найрлага:

Барилгын ажлын цементийн орцыг тодорхойлоход ажлын төрлөөс хамаарч тогтоосон орцын нормыг ашиглаарай. Цементийн орц найрлага тухайн барилгын хийц бүтээцийн даац, бат бэх, цементийн анги марк, зуурмагийн марк, бат бэхийн үзүүлэлт зэргээс хамаарна. Барилгын сууринд 250 маркаас багагүй бетон, харин ханын тэгшилгээнд 150 маркийн зуурмаг хэрэглэгдэх жишээтэй. Цементийн анги, марк ихсэх дутам орц нь багасдаг.

Жишээ нь : 1 давхар байшингийн сууринд B20 /M250/ ангийн 1 м3 бетонд ойролцоогоор 300- 320 кг PC42,5 ангийн цемент орно.

Шавардлагад цемент элсний харьцаа нь 1:3 /1 хүрз цемент: 3 хүрз элс/ зуурмагийг ихэвчлэн хэрэглэдэг. Шавардлагын зузаан 12мм бол 1м2 шавардлагад PC42,5 ангийн 1,6 кг цемент орох ба PC52,5 ангийнх 1,4 кг орно. 1м2 шавардлагад орох зуурмагийн хэмжээ 1м2х0,012 м = 0,012 м3  буюу 12 литр болно.

 

 

Тоосгон өргийн 250мм зузаантай 1м2 хананд 100 маркийн 75 литрээс багагүй зуурмаг орно. Эзэлхүүний харьцаа нь 1:4 /цемент : элс/  байх зуурмагийг ихэнх тохиолдолд хэрэглэнэ. Тоосгон өргийн ажилд 1м3 элсэнд 250кг орчим цемент орно.

 

 

Сэтгэгдэл