OSB хавтангийн үндсэн ойлголт

Боловсруулсан зоргодсон хавтан буюу OSB хавтан (Oriented Strand Board) нь маш өндөр даралт болон температурт шахаж бэлтгэсэн байгалийн гаралтай барилгын модон материал юм. Энэхүү хавтанг сайн чанарын нийлэг давирхайг модны зоргодостой нийлүүлэн хийдэг бүтээгдхүүн юм. Модон зоргодосыг хус, нарс, царс, гацуур зэрэг модоор бэлтгэх ба мод боловсруулах үйлдвэрийн цуудас, зах банз, банзны тайрдасыг ашиглаж болно. Холбогч бодисоор дулааны идэвхит, үнэргүй, хортой хольц агуулаагүй нийлэг давирхай болох фенолын давирхайг ихэвчлэн ашигладаг. OSB нь огтлолцсон хөндлөн байрлах  давхаргуудаас бүрдэх бөгөөд эдгээр нь хавтангийн урттай адил чиглэлд байрлах гадаргуу нь хавтангийн төв хэсэгтэй огтлолцсон байна. Давхарга бүрийн энэхүү огтлолцсон байрлал нь хавтангийн бат бөх чанарыг бий болгоод зогсохгүй аливаа механик ажиллагаанд маш сайн үр нөлөө үзүүлдэг.

OSB хавтангийн үйлвэрлэлийн технологи нь 95 хувийн модон материал болон 5 хувийн цавуу

байхаар стандарчилан тооцоолдог. Хавтангийн давхрагыг зузаанаас нь хамааран харилцан адилгүй үйлдвэрлэнэ. Дэлхийд өндөр чанартай OSB хавтангийн үйлдвэрлэлээр Канад болон АНУ, Австри улс тэргүүлж байна. Манай зах зээлд ОХУ, Хятадын чанар муутай OSB их байдаг ч сүүлийн үед чанар, эрүүл ахуйгаараа Дэлхийд тэргүүлэгч EGGER, борлуулалтаараа тэргүүлэгч KRONOSPAN  брэндийн OSB хавтангууд орж ирсэнээр хэрэглэгч энэ хавтангийн талаар илүү их ойлголттой болж өргөнөөр ашиглах болсон юм.

Үйлдвэрлэлд 8-18 мм ийн хавтанг хамгийн нягт сайтай хийж болдог. Харин 28-25 мм зузаан хавтангийн нягт 600 кг/м.куб ээс дээш гарч чаддаггүй. OSB хавтан нь энгийн фанер болон ДСП хавтантай харьцуулбал нягт, бат бөх чанартай бөгөөд ус даах чадвар нь өндөр юм. Мөн галд тэсвэртэй бөгөөд орчин үеийн технологийн дэвшилтэт аргаар үйлдвэрлэсэн шинэ хэлбэрийн ДСП хавтан гэж ойлгож болно.

OSB хавтангийн үйлдвэрлэлийн үе шатууд:

  1. Түүхий эдийг ангилах 

  2. Түүхий эдийг бэлтгэх, зоргодос болгон зүсэх

  3. Хатаах

  4. Зоргодосыг наах 

  5. Өндөр даралтаар шахалтандоруулах /халуунаар пресслэх/

  6. Хавтанг зүсэх ба багцлах

OSB хавтанг ус даах чадвар болон нягтралаар нь 4 ангилдаг.

  • OSB-1- бат бэхийн үзүүлэлт багатай, ус даах чадвар сул, хуурай нөхцөлд дотор засалд, тавилга хийх зорилгоор ашиглана.

  • OSB-2- бат бэх сайтай, ус даах чадвар багатай тул хуурай нөхцөлд дотор хананы өнгөлгөө, хучилтанд ашигладаг. 

  • OSB-3- өргөн хэрэглэгддэг ба бат бэх сайтай, ус чийгэнд тэсвэртэй тул гадна ханын өнгөлгөө, даацын хийцэд, чийгтэй орчин, ариун цэврийн өрөөнд хэрэглэхэд тохиромжтой. 

  • OSB-4- өндөр бат бэхтэй, нягтрал сайтай ус чийгийг сайн тусгаарладаг тул  барилгын гадна өнгөлгөө, даацын бүтээцэд, чийглэг ихтэй бүс нутагт өргөн хэрэглэнэ.

 OSB хавтанг дараах хэмжээтэй үйлдвэрлэж байна.

Урт, өргөн:

  • Тэгш ирмэгтэй  3125х2000 мм, 2800х1250 мм, 2500х1250 мм, 2440х1220 мм;

  • Мохоо ирмэгтэй 2500х1250, 2450х590, 2440х590, 2440х1220 мм.

Зузаан:6-22мм

  • Хамгийн өргөн хэрэглэгддэг OSB хавтангийн хэмжээ нь 2,44х1,22 м байдаг.

Хавтангийн давуу талууд:

  1. Энгийн фанер болон ДСП хавтантай харьцуулбал нягт, бат бөх чанартай

  2. Ус даах чадвар өндөр

  3. Галд тэсвэртэй

  4. Орчин үеийн технологийн дэвшилтэт аргаар үйлдвэрлэсэн 

  5. Дулаан хадгалах чадвар өндөр

  6. Дуу чимээ тусгаарлах чадвар сайн

  7. Зүсэж хөрөөдөхөд үйрч унадаггүй, хэлбэр дүрсээ алддаггүй 

  8. Үзэмж сайтай 

  9. Хөнгөн чанартай ба нэг хавтан зузааны хэмжээнээсээ шалтгаалан 15-33 кг жинтэй байна.

Хэрэглэх хүрээ:

  • Модон каркасан барилга
  • Зөөврийн барилга

  • Амины орон сууц

  • Хөдөө аж ахуйн зориулалттай барилгад ихэвчлэн OSB-3 хавтанг дараах барилгын ажлуудад хэрэглэнэ:

  • Гадна, дотор, тусгаарлах ханын өнгөлгөөнд- Өндөр бат бэх, тогтвортой, хэв гажилтанд ордоггүй тул бүх төрлийн гадна, дотор, тусгаарлах ханын  өнгөлгөөнд тохиромжтой. 

  • Дээврийн хучлагын суурь үед - Дуу тусгаарлалт сайн, хөшүүн чанар өндөр, салхи цасны ачааллыг даах чадвартай тул бетон болон металл черепиц, шифер бусад дээврийн материалын суурь болгон хавтгай болон налуу дээвэрт хэрэглэнэ.

  • Хар шаланд - Хөшүүн байдал, бат бэх цохилтонд тэсвэртэй байдлаараа шалны дэвсгэр үед хэрэглэгдэж байна. (шалны дэвсгэр үе, тулгуурын хийцэд);

  • Нэг үет шаланд - Барилгын хөнгөн хийцэд шалны өнгөлгөөнд шууд хэрэглэх ба түүн дээр хивс, хулдаас дэвсэж болох ба өөрөө тэгшрэгч хөнгөн бетон шал, паркетан шал ч хийж болно. 

  • Тааз, хүрээ, гол чимэглэлийн хийцэд   - Модон барилгын тааз, давхар дундын болон ханын шилжилтэнд ордоггүй, даацын бус тулгуурын хийц, гоёлын хүрээ, хөмсөг, карнизад хэрэглэнэ. 

  • Бетоны ажлын хэв хашмалд- Ус чийгэнд тэсвэртэй тусгай хуудсан бүрхүүлтэй хавтанг олон эргэлттэй хэв хашмалын самбар, түр зуурын хийцэд хэрэглэдэг. 

  • Сав баглаа, боодол, поддонд- OSB хавтанг өндөр чанартай сав, баглаа, боодлын хайрцаг, савалгааны материал, поддон  үйлдвэрлэхэд хэрэглэнэ.

  • Тавилгын үйлдвэрлэлд-Гэр ахуйн болон албан тасалгааны тавилга, мебель үйлдвэрлэхэд хэрэглэнэ.

  • Модон шатанд- Амины орон сууцны шатны өнгөлгөөнд ашиглаж болно.

  • СИП хавтангийн үйлдвэрлэлд-Хөөсөн полистирол дулаалгатай СИП хавтангийн өнгөлгөөнд ашигладаг.

 

OSB хавтан хүний эрүүл мэндэд хортой юу

OSB хавтанг үйлдвэрлэж эхэлсэнээс хойш түүнийг иргэний зориулалттай барилгын дотор хэрэглэж болох эсэх, хүний эрүүл мэнд болон байгаль экологид үзүүлэх нөлөөллийн талаар маш ихээр яригдаж, бичигдэх болсон. Үйлдвэрлэгчид хүний эрүүл мэндэд ямар ч хор нөлөө үзүүлдэггүй гэж дүгнэдэг, харин мэргэжлийн хүмүүс хавтангийн шинж чанарын үзүүлэлт, барьцалдах материал болох нийлэг цавууны талаар сайн нягтлахыг зөвлөдөг.

OSB хавтан хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг гэдэгийн гол шалтгаан нь барьцалдуулагч формальдегидийн цавуунд байдаг. Технологи, орц найрлагын дагуу үйлдвэрлэгдсэн цавуу нь химийн найрлага, шинж чанарын үзүүлэлтээрээ аюулгүй боловч үйлдвэрлэлд хавтанг өндөр температурт халуунаар пресслэхэд цавууны бүтцийн гинжин хэлхээс тасарч хийн байдалтай формальдегид тархдагтай аюул нь холбоотой. Иймд OSB хавтангийн хортой байдлын нөлөөллийг өрөө тасалгааны 1м3 агаар дахь формальдегидаар мг-р хэмждэг.

Европод  ялгарч буй  формальдегидаар хавтанг гурван ангилалд хуваадаг. Үүнд:
Е1(0.1 хүртэл ppm)
E2 (0.1….1,0ppm) 
E3 (1,0….2,3ppm)
 
ОХУ-д мөрдөж байгаа стандартаар хавтанг дараах ангилалд хуваадаг.
 
Е1 — эмиссийн хэмжээ  8 мг-с хэтрэхгүй /100 гр хуурай хольцонд;
Е2 – эмиссийн хэмжээ  20мг-с хэтрэхгүй /100 гр хуурай хольцонд;
E1 ангилалын ОSB хавтанг иргэний зориулалттай барилгын дотор өнгөлгөөнд ихэвчлэн хэрэглэдэг ба Е2, Е3  ангилалыг гадна талын өнгөлгөөнд ашигладаг.
 

Хавтангийн дагалдах гэрчилгээнд хавтангийн шинж чанарын үзүүлэлтүүд, түүн дотор хавтангийн хортой байдлын нөлөөллийг тэмдэглэдэг ба 1м3 агаар дахь формальдегидийн хүлээн зөвшөөрөгдөх хэмжээ нь 0,003мг/м3 байдаг. Формальдегид хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан нөхцөлд хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлж амьсгалын, харшлын дотрын өвчлөлд хүргэдэг тул хавтанг сонгож авахдаа ангилалыг сайтар хянах, E2, E3 ангилалын хавтанг дотор зориулалтаар ашиглахгүй байх хэрэгтэй.

ОSB хавтанг дотор зориулалтаар ашиглах бол аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд дараах алхмуудыг хийгээрэй.
 
E1-с дээш ангилалын хавтанг худалдаж авахгүй байх
Хэрэв материалын чанарт эргэлзэж байвал хавтанг угсрахаас 3-4 сарын өмнө задгай талбайд хураавал чөлөөт формальдегидийн концентраци багасдаг.
Дотор заслын хөрсжүүлэг, будалтанд хоргүй материал хэрэглэснээр хавтангийн хорыг саармагжуулна.
Хавтангаар өнгөлсөн өрөө тасалгааг өдөр бүр агааржуулж байх
Зуны улиралд өрөө тасалгааны доторх температурыг +30С-с дээш болгохгүй байх
Өрөө тасалгааны агаарын чийгшлийг 70%-иас хэтрэхгүй байлгах
 
OSB хавтанг сонгож авахдаа дараах зүйлд анхаарлаа хандуулаарай.
 
1) Үнэр- Хортой бүтээгдэхүүн хамар цоргисон тааламжгүй үнэр ялгаруулдаг.
2) Гэрчилгээ- Манай улсад OSB хавтангийн тогтвортой үйлдвэрлэл байхгүй, бараг 100% импортоор оруулж байгаа учраас үйлдвэрлэсэн газрын дагалдах албан ёсны чанарын гэрчилгээг шалгаж аваарай. Гэрчилгээнд:
 
Бүтээгдэхүүний нэр, марк
 
  • Үйлдвэрлэгч орны стандартын нэр, дугаар
  • Эмиссийн анги 
  • Худалдааны маркийн нэр
  • Үйлдвэрлэгчийн нэр
  • Хавтангийн таних тэмдэг /хэмжээ, зузаан, багцан дах тоо/
  • Гэрчилгээний  тэмдэг
  • Үйлдвэрлэсэн огноо
  • Техникийн хяналт хийсэн тамга бичигдсэн байдаг.
 
 
 
 
 
 
3) Хаяг, шошго /марклалт/ -Хавтан болгонд марк, хэмжээ, үндсэн шинэ чанарын үзүүлэлт бүхий дардас, хаяг шошго байх ёстой.  Багцлаар ниилүүлэх үед цаасан дээр үндсэн үзүүлэлтүүдийг бичиж дагалдуулдаг.
 
 Жишээ нь: 
1) Канад улсад үйлдвэрлэгдсэн хавтангийн марклалтын гол үзүүлэлтүүдийн тайлбар:
  • 24oC=610,5мм-Шалны дай модны хоорондох зай
  • Exposure 1/Exterior ture/-Каркасан барилгын гадна өнгөлгөөнд зориулалттай
  • 1F24- шаланд зориулагдсан
  • 18mm-Зузаан 23/32 категори
  • CSA0325-07- Канад улсад үйлдвэрлэгдсэн 
  • ↕- Шалны дай модонд  хавтанг угсрахад байрлуулах чиглэл
 
 
 
2) Герман улсад үйлдвэрлэгдсэн EGGER брэндийн хавтангийн тэмдэглэгээ:
 
  • E EGGER EUROSTRAND CE 0765-CPD-0352 EGGER 03 EN 13986 OSB/3 E1 740 18,0 mm 010304181111 13:45
  • CE: Агуулга
  • 0765: Марклалтын дугаар 
  • CPD: Гэрчилгээ  олгосон газрын нэр
  • 0352: Сертификат OСП/2
  • 0353: Сертификат OСП/3
  • 0354:   Сертификат  OСП/4
  • EGGER 03: Үйлдвэрлэгч + үйлдвэрлэсэн огноо
  • EN 13986: EN 13986 норм, стандарт
  • OSB/3: хавтангийн төрөл
  • E1: Эмиссиин анги
  • 740 18,0 mm 01030418- жорын дугаар, зузаан, үйлдвэрлэсэн огноо, цаг
4) Үнэ - Үнэ хямд байх нь чанар, аюулгүй байдал, баталгаа хангагдахгүй, гарал үүсэл нь тодорхойгүй байх талтай тул албан ёсны борлуулагчаас худалдан авахыг сануулж байна.
 
EGGER брэндийн OSB хавтангийн тухай
 
  • Эрүүл мэндэд аюулгүй OSB хавтан үйлдвэрлэхэд  дүүргэгч ба хатууруулагчаас бүрдэх давирхай хэрэглэж, тэр нь хавтанг даралтаар шахсанаас хойш хэдэн сарын дараа бүрэн уусч дуусдаг ба  үүний дараа хэмжилтийн багажаар шалгахад формальдегид илэрдэггүй байна
  • EGGER брэндийн OSB хавтангаас ялгарч байгаа формальдегидын хэмжээ 0,1ppm-ээс(саяны нэг) бага байдаг. Энэ нь АНУ-ын орон сууцны барилга ба хотын хөгжлийн яамны зохих шаардлагаас ч хамаагүй бага юм (Structural Insulated Panel Association - SIPA).
  • Висмар хот дахь EGGER концерны  OSB хавтан үйлдвэрлэдэг үйлдвэрийн хавтангийн формальдегидын ялгаралтын түвшин 0,03 ppm-аас бага байдаг. Эдгээр нь байгалийн модтой адил хэмжээний формальдегид ялгаруулдаг байна. Рекламны зорилгоор ийм материал дээр Е0 гэж тэмдэглэдэг. Үнэн хэрэгтээ Е1 ангилал юм (Европод Е0 стандарт байдаггүй).
  • EGGER брэндийн OSB хавтангаас мод үнэртдэг. /бусад хавтангаас мод үнэртдэггүй/ 
  • Европын Е1 ангиллын шаардлага хангасан барилгын материалыг эрүүл мэндэд аюултай гэж үзэх нь ямар ч үндэслэлгүй юм. Е1 ангилалын барилгын материал нь  орон сууц, хүүхдийн мебель хийхэд зориулагдсан байдаг.
 
 
 
 

Сэтгэгдэл