ХУУРАЙ ХОЛЬЦЫН АНГИЛАЛ, ХЭРЭГЛЭЭ

   Эрдсэн барьцалдуулагч, дүүргэгч материал, тусгай зориулалтын полимер нэмэлт бодисыг зохистой харьцаагаар хуурайгаар хольж найруулсан бүтээгдэхүүнийг хуурай хольц гэнэ.
Эрдсэн барьцалдуулагчаар портландцемент, агаарын шохой, барилгын гөлтгөнө, полимер нунтаг бодисыг ашиглана. 
   Чигжээс буюу тэгшилгээний хуурай хольцонд шохойн чулууны нунтаг /гурил/, нунтаг цэрд, маш жижиг ширхэглэлтэй элс хэрэглэнэ. 
   Хуурай хольцын технологид усны зарцуулалтыг багасгах, уян налархайжуулах нэмэлт чухал үүрэг гүйцэтгэнэ. Ус үл нэвтрүүлэх ба ан цавд тэсвэртэй, барьцалдах чадвар өндөртэй болгохын тулд хуурай хольцын найрлагад устай эмульс үүсгэх, хуурай жингийн 5 %-иас ихгүйгээр усанд уусамтгай нунтаг полимер нэмэлт хийдэг. 
Барилгын ажилд өгөгдсөн хэмжээгээр савласан хуурай хольцыг ашиглах зааврын дагуу хэмжээт усаар зуурч зориулалтын дагуу хэрэглэнэ. 
 
Хуурай хольцын ангилал:
  • Барьцалдуулагч материалын төрлөөр: цементэн, шохойн, гөлтгөнөн, шохой-цементэн, шохой-гөлтгөнөн гэж ангилна. 
  • Хуурай хольцыг зориулалтаас нь хамааруулан дараах байдлаар ангилна. 
Үүнд: 
- Хөөсөн ба шахмал полистирол, полиуретан хатуу хавтан наах
- Гадна болон дотор ханын керамик, чулуун хавтанцар наах 
- Торон, шилэн мяндсан арматур наах 
- Өнгө болон суурь шавардлагын цавуу
- Шалны өнгөлгөө
- Өргийн болон тэгшилгээний ажил
- Бусад хавтан наах.
  • Тусгай зориулалтын хуурай хольц: заадсын чигжээс, суурь бэхжүүлэгч, ус тусгаарлах, дулаан тусгаарлах хуурай хольцууд орно.
  • 28 хоногийн дараах шахалтын бат бэхээр нь хуурай цавууг В2,5 (M35), В3,5 (M50), В5 (M75), В7,5 (M100), В10 (M150) гэж ангилна. 

 

Хуурай хольцын давуу талууд:
  • Барилгын ажилбарын тоог багасгах
  • Ажлын чанарыг дээшлүүлэх
  • Тээврийн зардлыг багасгах
  • Зуурмагийн зарцуулалтыг багасгах
  • Зуурмагийн уян налархай чанарыг дээшлүүлэх
  • Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх
  • Өнгөлгөөний ажлын хугацааг багасгах
  • Хэрэглэх, тээвэрлэхэд хялбар
  • Хог хаягдал гаргадаггүй
  • Эдийн засгийн үр ашигтай 

 

Хуурай хольцын үйлдвэрлэлийн технологи:

 

1) Түүхий эдийг бэлтгэх
2) Дүүргэгч материалыг хатаах, дулааны 3) боловсруулалт хийх 
3) Ширхэглэлээр нь шигшиж ялгах 
4) Тугнах
5) Барьцалдах материал болон полимер нэмэлтийг тугнах
6) Хольж зуурах
7) Савлах
8) Бэлэн бүтээгдэхүүний агуулахад хураах, хадгалах
 

 

 

 

Хуурай хольцонд тавигдах шаардлага: /MNS6424-2013 Барилгын ажилд хэрэглэх цавуу. Техникийн шаардлага/
  • Чийглэг - Хуурай цавууны чийглэг жингийн 0,2 %-иас ихгүй байна. 
  • Нунтаглалт - Зарим үйлдвэрүүд байгалийн нарийн ширхэгтэй элсийг нунтаглахгүйгээр шууд савлан нийлүүлж байгаа нь нунтаглалтын шаардлагыг хангахгүй байна. Нунтаглалтын шаардлага нь 02 шигшүүр дээрх үлдэгдэл 15 %-иас ихгүй байна. 
  • Асгаасан нягт - Хуурай цавууны асгаасан нягт 1200 кг/м3 -ээс багагүй, 1800 кг/м3 -ээс ихгүй байна. 
Манай улсад 10 гаруй хуурай хольцын үйлдвэр ажиллаж дотоодын хэрэгцээний 30 гаруй хувийг хангаж байгаа ба хар замаска, блокны цавуу, хөөсөнцрийн цавуу, шал тэгшлэгч, плитаны цавуу, торны цавуу, шавардлагын болон шалны бэлэн зуурмаг, цагаан замаска зэрэг хуурай хольцыг үйлдвэрлэж байна. 
 
 
Сав, баглаа боодол, хаяглалт: 
  • Цавууны савалгаанд шошго тэмдэг, хэрэглэх заавар зэргийг тусгасан байна. 
  • Чийг, уснаас хамгаалсан давхаргатай цаасан болон полиэтилэн уут, эсвэл хуванцар саванд савлана. 
  • Савлах үндсэн хэмжээ 25 кг, 50 кг –аар байх ба бусад хэмжээгээр савласан тохиолдолд жинг шошго дээр заавал бичсэн байна. 
  • Хуурай хольцыг зуурах усны хэмжээг үйлдвэрлэгч тогтоож савлагаан дээр тэмдэглэнэ.
  •  Ууттай хольцын дундаж бохир жингээс уутны дундаж жинг хасаад нэг уут хольцны цэвэр жинг тодорхойлно. Тухайн хэсэгт хамаарах ууттай хольцын цэвэр жин, савлагаан дээр бичсэн цэвэр жингийн зөрүү ± 0,1 %-иас ихгүй байна. 
 
Хуурай хольцыг сонгон авахдаа дараах зүйлсийг анхаараарай:
  • Техникийн шинж чанар-хуурай хольцын хүйтэн тэсвэрлэлт ба ус тусгаарлалт, наалдах чадвар, бэхэжсэний дараах бат бэхийн үзүүлэлт чухал
  • Технологийн шинж чанар-хатах хугацаа, уян хатан байдал, хэрэглэхэд хялбар байх
  • Хэрэглэх хүрээ- Хуурай хольцын төрөл, зориулалт, ямар гадаргууд хэрэглэж болох, 1м2 талбайд орох хэмжээ зэргийг мэдэх
  • Ашиглах заавар- Уутан дээрх буюу бүтээгдэхүүнд дагалдах ашиглалтын заавартай заавал танилцаарай. Үүнд: Гадаргууг бэлтгэх, ямар температурт хэдэн л усаар найруулж, яаж хэрэглэхийг мэдэж аваарай. Мөн хэрэглэх үед анхаарах зүйлс, аюулгүй ажиллагааны заавар, багаж хэрэгсэл ч чухал шүү.
  • Хадгалах хугацаа- Үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацааг анхаараарай. 
  • Дагалдах гэрчилгээ-Та тохирлын болон чанарын гэрчилгээтэй стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг сонговол илүү найдвартай. Мөн итгэмжлэгдсэн сорилт шинжилгээний үр дүнг хараарай.  
  • Үнэ- Дотоодод үйлдвэрлэж байгаа хуурай хольц нь импортоос харьцангуй хямд байгаа нь тээвэрлэлт, орон нутгийн түүхий эд хэрэглэж байгаатай холбоотой.
 
Дагалдах чанарын гэрчилгээ, савлагаа, шошго тэмдэг болон ашиглах зааварт дараах зүйлийг тусгасан байна. 
  • Бүтээгдэхүүний нэр, төрөл, анги, тэмдэг, лого 
  • Бүтээгдэхүүний онцлог, хэрэглэх аргачлал, анхаарах зүйлс
  • Үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн нэр, хаяг, утас 
  • Стандартын дугаар
  • Бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт 
  • Бүтээгдэхүүний цэвэр, бохир жин, хэсгийн дугаар 
  • Үйлдвэрлэсэн он, сар, өдөр 
  • Тээврийн хэрэгслийн дугаар
  •  Бүтээгдэхүүний баталгаат хугацаа 
 
 
Тээвэрлэлт ба хадгалалт 

 

  • Цавууг хадгалах орчны температур нь 0 0С-ээс доошгүй байна. 
  • Савлагаатай цавууг хуурай, битүү агуулах, байранд хадгална. 
  • Улавч шалнаас 0,1 м-ээс 0,15 м, хананаас 0,6 м зайтай, дээш нь 1,8 м-ээс 2,0 м хүртэл өндөр хурааж хадгална. 
  • Зориулалт, шинж чанар нь ижил бус бүтээгдэхүүнийг тус тусад нь хадгалж, тээвэрлэнэ. 
  • Хадгалах хугацаа нь үйлдвэрлэсэн өдрөөс эхлэн 6 сар байна. 
  • Савласан цавууг бүх төрлийн тээврийн хэрэгслэлээр тээвэрлэж болно. 

 

_______________________________________________________________________________________________
Жишээ болгож “Магнет импорт” ХХК-д үйлдвэрлэж буй хөөсөнцөрийн болон плитаны цавууны ашиглалтын зааврыг танилцуулж байна.
 
ХӨӨСӨНЦӨРИЙН ЦАВУУ
 
 
 
ПЛИТАНЫ ЦАВУУ
 
 
 
 
 

Сэтгэгдэл