Утас: Барилгын материал: 7711-1177 Худалдааны төв: 7766-2277
Menu
Shop
Filter
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэл
Хаусны хийц, бүтээцийн шинэчлэл
 

Хуваалцах


Барилгын инженер, төслийн менежер Б. Адилбиш 

Газар хөдлөлтөөс үүсэх эрсдэлийг бууруулах, хотын утаа болон дуу чимээнээс холдож цэвэр агаарт үр хүүхдээ өсгөх, инженерийн хангамжийн нэгдсэн дэд бүтэц байх зэргээр хаус хотхонд амьдрах эрэлт хэрэгцээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Нэг айлын сууцны барилгын архитектур төлөвлөлт, барилга бүтээц, инженерийн хангамжийн шугам сүлжээний төлөвлөлт, угсралтад тавигдах шаардлагуудыг тодорхой, дэлгэрэнгүй заасан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Нэг айлын сууц БНбД 31-05-05, Нэг айлын орон сууцны барилгын төлөвлөлт, угсралт БНбД 31-09-07 зэрэг барилгын норм ба дүрмүүд байгаа хэдий ч бараг л мөрдөгдөхгүй, ашиглагдахгүй байна. Иймээс хаусны хийц, бүтээцийн шинэчлэлттэй холбоотой сэдвүүдийг энэхүү нийтлэлд хөндлөө.   

Улаанбаатарт хэзээ хүчтэй газар хөдлөх вэ?!: Монгол улсын хамгийн хүчтэй газар хөдлөл Алтайн нурууны Их Богдод 1957 оны 12 дугаар сард болсон. Голомтдоо 12 балл хүрсэн. Дээрх асуултад хамгийн дөхүү хариуг өгч чадах Монголын Улсын нутаг дэвсгэр дэх газар хөдлөлийг бүртгэдэг болон судалдаг “Одон орон, геофизикийн хүрээлэн” гэх байгууллага нь 1957 онд байгуулагдсан. Энэ байгууллага үүсэн бий болоод 70 жил ч хүрээгүй байна. 2021 оны байдлаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод хүн амын 48% буюу 1,639,172 хүн оршин сууж байна. Улаанбаатар хотын төвөөс 140км радиус дотор Авдар, Шархай, Гүнж, Мөнгөнморьт, Хустай болон Эмээлт гэх зургаан идэвхтэй хагарал байна. “Улаанбаатар хот орчмын газар хөдлөлийг бүртгэх хамгийн анхны, өндөр мэдрэгчтэй таван станцыг 1994 онд суурилуулснаас хойш 2018 оны байдлаар таван станцын төхөөрөмжүүд яг байрандаа, тоо ёсоороо ажиллаж байгаа. 2011-2013 онд нэмж станц суурилуулснаар нийслэл хот орчим нийт 30-аад станц ажиллаж байгаа.”, “Эмээлтийн хагарал л гэхэд 2005 оноос тасралтгүй идэвхжилтэй байгаа бөгөөд статистикаас харахад жижиг хэмжээний чичирхийллүүд тасрахгүй бүртгэгдсээр байна.”, “Японы эрдэмтэд гурван жилийн турш судалгаа хийсний дүнд 2018 онд 50-иад км урт нэг хагарал нэмж илрүүлсэн.”, “Нэмж илрүүлсэн хагарал нь Налайхаас өгсөөд Богдхан уулын араар буюу ХОТ ДУНДУУР ДАЙРЧ, Найрамдал зусланг өнгөрсөн.”, “Газар хөдлөлийн бичил мужлалын зургаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэр долоо, найм, есөн балл эрчимтэй талбайд хуваагддаг.”, “Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог болсон.” гэх. 

 

Зураг 1. 2018 онд өнөөдөр.мн цахим хуудасд нийтлэгдсэн “долоо дахь хагарал”-ын тойм зураг


Зураг 2. 2023 онд зариг.мн цахим хуудасд нийтлэгдсэн “долоо дахь хагарал”-ын тойм зураг

Барилга, байгууламжийн тооцооны газар хөдлөл гэдэг бол 500 жилд нэг удаа хүчтэй газар хөдлөл тохиолдох магадлал юм. Хэрвээ хэзээ газар хөдөлснийг мэдчихвэл дараагийн том хэмжээний газар хөдлөлт болох магадлалыг таамаглахад илүү ойртоно. Гэтэл хотыг тойрсон, хотын дундуурх эдгээр хагарлуудад сүүлд хэзээ хүчтэй газар хөдлөл болсон мэдээлэл байхгүй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод яг одоо ч хүчтэй газар хөдөлж болно. Таны барилга 100 жил ашиглагдана гэж үзвэл ашиглалтын хугацаанд газар хөдөлж ч болно үгүй ч байж болно. Өнөөг хүртэл “Газар хөдлөл хэзээ болох вэ?” гэдэг асуултад ямар ч эрдэмтэн хариулж чаддаггүй юм. Энэ баталгаатай юм биш шүү! Сейсмологич хүн сонсоод уншаад шүүмжлэх байх! Надад зүгээр ийм таамаг байна. Зүгээр маш бүдүүн тойм, хар ухаанаар баримжаалаад бодоод үзье. Улаанбаатар хотын анхны суурьшил 1639 онд Өргөө гэж нэртэйгээр үүссэн гэх. Тэрнээс хойш 7 эсхүл 8 балл эрчимтэй газар хөдөлсөн бол хүмүүсээс ам дамжин яригдаад ирнэ дээ. Учир нь “7 баллд ихэнх хүмүүс айж гэр орноосоо гүйж гардаг, хүн зогсоход хүндрэлтэй болдог. 8 баллд хүмүүс айж сандарч, модны мөчир хугаран унаж, хүнд жинтэй тавилга хөмрөн унана.” гэх. Энэ жил хот 384 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тэгэхээр анхны суурин үүссэн хугацаагаа 500 жилээсээ хасаад үзэхээр 116 жил гарч байгаа юм. Тэрнээс өмнө хэзээ энд газар хөдөлчихсөнийг бид мэдэхгүй шүү дээ. Хариулт нь: Яг одоо эсхүл магадгүй хамгийн ихдээ 116 жилийн дараа. 

Яагаад газар хөдлөл тусгаарлах систем хэрэглэх ёстой вэ?!: Энд газар хөдлөл гэж юу вэ? Тектоник хавтан гэж юу вэ? Балл гэж юу вэ? Магнитуд гэж юу вэ? Балл, магнитудын ялгаа юу вэ? гэх мэтийг ярихгүй. Учир нь дэлхийн хамгийн их сүйрэл дагуулсан газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдох 2023 оны 2 дугаар сарын 6-ний өдөр Турк, Сири улсуудад болсон газар хөдлөлтийн тухай мэдээг нийгмийн сүлжээнээс авахдаа дээрх ойлголтуудын талаар хангалттай мэдээлэлтэй болсон. Нэг талаас, газар хөдлөлтөд эвдэрдэггүй барилга, байгууламж гэж байхгүй. Машин жолоодож яваад мөргөлдөж буйтай л ижил. Бага хэмжээний зам тээврийн осол бол машин чинь хонхойно, та бэртэхгүй. Томоохон хэмжээний зам тээврийн осол бол машин чинь базсан лааз болно, аюулгүйн бүсээ зүүсэн бол та хүндээр гэмтэнэ гэхдээ ослын газартаа үхчихгүй, зүүгээгүй бол үхнэ. Яг л үүнтэй ижил. Хүчтэй газар хөдлөлтөөр барилга, байгууламж ихээр эвдэрдэг. Барилга, байгууламжийн бүтээцийн тооцооны инженерүүд барилга, байгууламжийг нурчихгүй, хүмүүсийг үхэлд хүргэчихгүй байхаар төсөллөдөг. Үүнийг газар хөдлөл тэсвэршилийн тооцоогоор шинжилдэг. Энэ тооцооны шаардлагыг хангасан барилгыг газар хөдлөлтөд тэсвэртэй барилга гэдэг. Барилгын өндрийн хязгаарт нь тохирсон бүтээцийн системийг сонгож нормд заасан газар хөдлөлтийн шаардлагыг хангуулах байдлаар бүтээцлэдэг. Шаардлагыг хангуулахдаа хөшүүн зангилаа бүхий раман каркас, холбоостой каркас, рам-холбоостой каркас гэх зэргийг түгээмэл ашигладаг. Түүнээс биш тэсвэртэй гэдэг нь эвдэрдэггүй барилга гэсэн үг биш. Газар хөдлөлтөд эвдэрдэггүй барилгад хамгийн дөхүү шийдэл бол барилга суурь хоёрын дунд резин эсхүл ган холхивч байрлуулдаг суурь тусгаарлах хийцлэл юм. 

 

Зураг 3. Хүнд даацын резин-метал тулгуурын харагдах байдал

Нөгөө талаас, газар хөдлөл бол байгалийн гамшиг. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн даатгалын гэрээ, барилгын зураг төсөл боловсруулах гэрээ, барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэх мэт аль ч гэрээнд газар хөдлөл бол давагдашгүй хүчин зүйлд тооцогдоно. Газар хөдлөлөөс шалтгаалан таны өмч хөрөнгө үгүй болсон тохиолдолд таны хохирлыг хэн ч барагдуулахгүй. Жишээ нь: Америкийн Нэгдсэн Улсын Лос Анжелес хотод хаус зарах сурталчилгаанд том сайхан цэлгэр цонхтой, түүгээр нь далайн эргийн үзэмж харагдана гэх мэт зүйлсийг давуу тал болгож байхад Япон Улсын Токио хотод хаус зарах сурталчилгаанд зоорийн давхар эсхүл техникийн хөндийлж дэх резин-металл тулгуурын гэрэл зураг байж байх. 

Шийдэл нь: Газар хөдлөлтөд тэсвэртэй барилгаараа дэлхийд тэргүүлэгч Япон улсад гүүр, эмнэлэг, орон сууц, хувийн сууц гэх мэтэд суурь тусгаарлах хийцлэл түгээмэл ашигладаг. Франц улсад халуун цөмийн реакторын барилгын сууринд ашигласан. Тайваньд эмнэлгийн барилгад ашигласан нь дэлхийн хамгийн том газар хөдлөлт тусгаарлагдсан барилга болсон. Гэх мэтээр газар хөдлөлтэй бүс нутгуудад дэлхий даяар түгээмэл ашиглагдаж байна. Монгол Улсын тухайд Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх БНбД 22-01-21-н 6.17 хэсэгт газар хөдлөлөөс тусгаарлах хийцлэлийн шаардлагууд тусгагдсан тул орон сууцны зориулалттай барилгуудад газар хөдлөл тусгаарлах системийг нэвтрүүлэх боломж бүрдсэн. Газар хөдлөлтөөс барилгын суурьт үүсэх хөндлөн хүч F-ийг маш хялбараар илэрхийлбэл F=ma юм. Үүний m нь масс, a нь хөрсний хурдатгал. Тухайн массын газар хөдлөлтөөс үүсэж буй хурдатгалыг 6 баллд 50м/с2, 7 баллд 100м/с2, 8 баллд 200м/с2, 9 баллд 400м/с2 гэх зэргээр хурдатгал тогтмол байхаар тооцдог. Харин массийг барилгын бүтээцэд хэрэглэх материалыг өөрчлөх байдлаар багасгах боломжтой. Төмөрбетоны нягт дунджаар 2.7тн/м3 байхад модных 1тн/м3 байдаг. Газар хөдлөлт тусгаарлах систем суурилуулсан тохиолдолд газар хөдлөлтөөс ирэх хөндлөн хүч эрс багасах тул нэг айлын сууцны барилгын үндсэн даацын бүтээцийн материал нь заавал төмөрбетон байх шаардлагагүй.

Бодит жишээ #1: 2011 оны 2 дугаар сард Шинэ Зеланд Улсын Кристчөрч хотод болсон 6.1 магнитуд хүчтэй газар хөдлөлтийн дараагаар хийгдсэн гурван жилийн судалгаа хөгжүүлэлтийн үр дүнд нимгэн ханатай хөнгөн ган араг бүтээц, модон бүтээц зэрэг үндсэн даацын бүтээцийн жин харьцангуй бага нэг айлын сууцуудад зориулсан хялбар хийцлэлтэй, өртөг багатай, ашиглалтын шаардлага хангасан газар хөдлөл тусгаарлах систем зохион бүтээгджээ. Энэхүү системийн зохион бүтээгч, Их Британи, Австрали болон Шинэ Зеланд улсуудад барилга угсралтын төслийг удирдсан 40 гаруй жилийн ажлын туршлагатай Төслийн менежер Найжел Коленсо нь худалдаа үйлчилгээний барилгуудын сэргээн засварлалтын ажилд оролцох үедээ эдгээр барилгуудад зориулагдсан хүнд даацын газар хөдлөлт тусгаарлах системүүд байх хэдий ч харьцангуй хөнгөн жинтэй нэг айлын сууцуудад зориулагдсан газар хөдлөлт тусгаарлах систем байхгүй байгааг олж харжээ.




Зураг 4. Зүүн талаас Крис Коленсо, Найжел Коленсо нар шинэ бүтээлийн хамт 

Зураг 5. Татлагат тулгуурын харагдах байдал

Зураг 6. Газар хөдлөлт тусгаарлах систем суурилуулах схем зураг

Өндрийг тохируулж болдог, суурь тусгаарлах, тулгуурт энэхүү системийн тухайд 2016 оны 2 сард барилгын материал болон барилгын ажилд техникийн үнэлгээ хийдэг шинжлэх ухааны бие даасан судалгаа, туршилт болон зөвлөх үйлчилгээний байгууллагаар амжилттай туршигдаж, 2017 онд Шинэ Зеланд улсын барилгын норм дүрмийн шаардлагыг хангасан баталгаажуулалт олгогджээ. Улмаар 2018 оноос хэрэглээнд нэвтэрчээ.

Энэ системийг ашигласан тохиолдолд барилгын даацын үндсэн бүтээцийн бүрдэл нь дараах байдалтай байх юм. 

  • 15~30см зузаантай төмөрбетон нэл хавтан суурь (эсхүл баганын суурь)
  • газар хөдлөлт тусгаарлах систем (татлагат тулгуур, энгийн тулгуур)
  • суурийн модон рам (хэвтээ холбоос, суурийн дамнуруу)
  • модон араг бүтээц (эсхүл нимгэн ханатай хөнгөн ган араг бүтээц)

Барилгын газар хөдлөлт тусгаарлах системийн тулгууруудад хяналтын үзлэг хийх, засвар үйлчилгээ хийх зориулалттай, 45см-с багагүй, 1м-с ихүй өндөртэй техникийн хөндийлжтэй байх шаардлагатай. Зэвэрдэггүй гангаар хийгддэг тул 50-иас багагүй жилийн эдэлгээний хугацаатай, хүчтэй газар хөдлөлтийн дараа барилгын суурь хэв гажилтад орж суулт үүсэж улмаар барилгад хазайлт өгсөн тохиолдолд тулгуурын улны хавтанг суурийн анкер боолтны гайкаар өргөн тэгшитгэх, тулгуурын резин тагийг өндөрлөх зэргээр тохируулга хийх боломжтой зэрэг нь энэхүү системийн давуу талууд юм. 

Зураг 7. Дан давхар нэг айлын сууцны давхрын байгуулалт

Зураг 8. Дан давхар нэг айлын сууцны техникийн хөндийлжийн байгуулалт

Зураг 9. Хоёр давхар нэг айлын сууцны давхаруудын байгуулалт


 Зураг 10. Хоёр давхар нэг айлын сууцны техникийн хөндийлжийн байгуулалт

Шийдэл нь: Нэг ширхэг иж бүрэн татлагат тулгуур 3 сая төгрөг, энгийн тулгуур 2 сая төгрөг, нэг тулгуур угсралтын зардал 1 сая төгрөг гэж үзвэл дан давхар 110м2 талбайтай нэг айлын сууцад татлагат тулгуур 9, энгийн тулгуур 39 нийт 48 ширхэг ашиглавал газар хөдлөлт тусгаарлах системийн ойролцоо өртөг 153 сая төгрөг, хоёр давхар 380м2 талбайтай нэг айлын сууцад татлагат тулгуур 20, энгийн тулгуур 27 нийт 47 ширхэг ашиглавал газар хөдлөлт тусгаарлах системийн ойролцоо өртөг 188 сая төгрөг тус тус болохоор байна.

Бодит жишээ #2: Оросын Холбооны Улсын шилдэг 100 бүтээгдэхүүний нэг гэх энэхүү блокийн тухайд гадна өнгөлгөө, дулаалга, дүүргэгч хана зэргийг нэгэн зэрэг шийдсэнээрээ хөдөлмөр зарцуулалт, цаг хугацаа хэмнэсэн маш том давуу талтай. 

Зураг 11. Сэндвичэн блокын элементүүдийн харагдах байдал

Оросын Холбооны Улсын газар нутгийн хувьд ихэнх нь тооцооны газар хөдлөл тав, зургаан баллын эрчимтэй талбайд хамаардаг. Энэхүү блокийг хэрэглэсэн гэх Сибирьт хүн ам харьцангуй бага суурьшсан. Тооцооны газар хөдлөл зургаан баллын эрчимтэй бүс нутагт буюу Сибирийн өмнөд хэсэгт иргэд нь шигүү суурьшсан. Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх БНбД 22-01-21-н дагуу өндөр барилгаас бусад тохиолдолд зургаан баллын эрчимтэй бүс нутагт газар хөдлөл тэсвэршилийн тооцоо хийхийг шаарддаггүй. Гэтэл Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь VII, VIII ба түүнээс дээш баллын эрчимтэй бүсэд хамаардаг. Сэндвичэн блокийн нийт өргөн 400мм зузаан байгаа ч бетон даацын үе нь 160мм тул 16см зузаантай өрлөг л гэсэн үг шүү дээ. Ийм зузаантай өрөгт хана газар хөдлөлтийн үед хөшүүн хангахгүй, тогтвор алдаж барилга нурна. Энэ хоёр давхар барилга бол аж ахуйн аргаар барьчихсан гэдэг шиг л барилгын инженер хүн оролцоогүй мэт л харагдаж байна. Газар хөдлөлтийн үед сэндвичэн блокийн элементүүд салж унаад байшин нурна. Сэдвичэн блокийг чанарын шаардлага хангаагүй, хангасан эсэх тухай энд ярихгүй. Чанарын шаардлага хангасан бол ашиглаж болно. 


Зураг 12. Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар хөдлөлийн ерөнхий мужлалын зураг

Шийдэл нь: Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан, туршлагатай инженерийн заавраар зөв хэрэглэх ёстой гэж харж байна. Тухайлбал: Газар хөдлөлтэй бүсэд баганатай, дамнуруутай даацын үндсэн бүтээц нь араг хийцтэй барилгад гадна хашлага хананд дүүргэгч болгож ашиглаж болно. Газар хөдлөлтгүй бүсэд хийцлэлийн арга хэмжээ авсан үед ашиглаж болно. Opendata.gov.mn цахим хуудасны барилга гэсэн бүлэг лүү ороод л тохирлын гэрчилгээ авсан 450 орчим бараа бүтээгдэхүүн, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй 280 орчим хуулийн этгээдийн нэр, бүртгэлийн дугаар, хаяг, холбоо барих утасны дугаар, хүчин чадал, тусгай зөвшөөрөл олгосон огноо, тусгай зөвшөөрөл дуусах огноо, бүтээгдэхүүний нэр, төрөл, дотоодынх уу, импортынх уу зэргийг нээлттэй хараарай.

Бодит жишээ #3: Хучилтын төмөрбетон бүсээр хучилтын нүхтэй хавтангуудаа бүслээгүй, газар хөдлөлтэй бүсэд баригдаж байгаа барилга нь газар хөдлөхөд нурж цогцос дүүрэн авс болж хувирна. Барилгын инженерийн оролцоогүй, аж ахуйн аргаар барьсан энэ мэт байшингууд газар хөдлөлт болохгүй бол магадгүй нурахгүй. Гэвч газар хөдлөх үед нурах магадлал маш өндөр. 

Зураг 13. Полистрол блок ашиглан барьсан барилгын харагдах байдал

Полистрол бетон блокийг чанарын шаардлага хангаагүй, хангасан эсэх тухай энд ярихгүй. Энэ байшингийн үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл норм дүрмийн шаардлага болон хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангахгүй байна. Мэргэжлийн хүмүүс нийгмийн сүлжээнд ингээд шүүмжлэхээр "Сөрөг юм ярилаа. Бүтээн байгуулж байгаа нэгнээ дэмжсэнгүй.", “Дандаа үгүйсгэдэг. 

Норм дүрэм ярихаас өөр юмгүй.”, “Амьдралд хэрэгждэггүй стандартаа дагаж мөрдөхийг шахдаг.” гэх мэтээр өөдөөс нь хэрүүл үүсгээд, тролдох хандлагатай байдаг. Гэхдээ одоо яалтай ч билээ дээ. Нүдээ аниад, амаа дараад, чихээ бөглөөд байж байснаас шүүмжлэх юм аа шүүмжлээд, засаж сайжруулах талаар хувь инженерийн саналаа хэлэх байдлаар нь өөрийн мэргэжлийн салбартаа оролцоогоо хангацгаая. Энэ мэтийг шүүмжилснээрээ салбарын мэргэжилтэн та ад үзэгдэхээс эмээгээд өнгөртөл хүмүүс энэ полистрол бетон блокоор барьсан барилгын хохирогч болчихвол яах юм бэ? 

Үйлийн үрийн жамаар хохирогч болсон хүмүүс дунд танил, найз, хамаатан, садан нарын минь дундаас хэн нэг нь байвал яах вэ? Таны мэргэжлийн ёс зүйт үйлдэл хаана байна вэ? Ухаалаг гар утаснуудыг тодорхой өндрөөс унагаад, алхаар цохиж үзээд харьцуулаад байдаг шиг маркетингийн дүрс бичлэг хийчихсэн байгаа юм. Хольц нь полистрол дүүргэгч тул цохих үед лантуу шигдээд байх нь полистрол блок их бат бэх байгаа харагдуулаад байх. Угсармал бетон суурийн блокийг дүрс бичлэг дээр шиг лантуугаар цохисон бол аль хэдийн цуураад хуваагдчихсан байгаа. Инженерийн салбар, технологи, нарийн мэргэжил талаас нь жаахан ач холбогдол өгч сурталчилгаа хийх ёстой. Шийдэл нь: Барилгын бүтээц эдлэлийн технологи инженер эсхүл Барилгын материал үйлдвэрлэлийн технологи инженер мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан, туршлагатай инженертэй материалын физик-механик шинж чанарыг тодорхойлуулах, Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан, туршлагатай инженертэй байшингийн угсралтын ажлыг гүйцэтгэхдээ даацын үндсэн бүтээцийн бат бэхийн шийдлийг холбогдох норм дүрмийн шаардлагыг хангуулах зэрэгт хамтран ажиллах шаардлагатай юм.

Эрх зүйн зохицуулалт: Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлээр барилга байгууламжийг төвөгшлөөр нь тав ангилна. Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй, бага, дунд, өндөр, онцгой төвөгшилтэй гэх. Нэг талаас, Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 211 дүгээр тушаалаар батлагдсан “Барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам”-н нэгдүгээр хавсралтын дагуу 9м хүртэл өндөртэй 600м2 хүртэл талбайтай нэг айлын орон сууц нь барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид хамаарна. Улмаар, Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 147 дугаар тушаалаар батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам"-н нэгдүгээр хавсралтын дагуу зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжийн зураг төсөл болон угсралтын ажилд тусгай зөвшөөрөл шаардахгүй. 

Өөрөөр хэлбэл, инженер техникийн ажилтны тоо, ажлын туршлага, мэргэжилтэй ажилтны тоо зэрэгт шаардлага тавихгүй. Нөгөө талаас, Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн дагуу шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, буулгах зэрэгт барилгын ажлын зөвшөөрөл авахгүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн дагуу газар хөдлөлтийн хэдэн баллын бүсэд баригдах, санхүүжилтийн эх үүсвэр хаанаас байх, гадаад улсын хуулийн этгээд зураг төслийн боловсруулсан зэргээс үл хамаараад барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилгын зураг төсөлд магадлал хийлгэхгүй. Зөвхөн захиалагчийн хүсэлтээр магадлал хийж болно. Өөрөөр хэлбэл, хэрэв захиалагч та л хүсэхгүй бол барилга байгууламжийн зураг төсөл, технологи, архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг хийлгэхгүй байж болно.

Товчхондоо: Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд та хувь архитектор эсхүл инженерээр зураг зуруулаад, барилгын бригадаар байшингаа бариулж болно. Заавал буух эзэн буцах хаягтай, тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байх шаардлагагүй. Баригдаж дуусахаар нь барилга байгуулалтын зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг байхад л таны хөрөнгийг бүртгээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгоно. Дотор засал хийгдсэн эсэх, барилга чанарын шаардлага хангасан эсэх зэрэг нь огт хамаагүй. Нэгэнт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болсон бол та хөрөнгөө түрээслэх, худалдаалах, арилжих, барьцаалах гэх мэтээр эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. 

Шийдэл: Ядаж хамгийн доод шаардлага буюу бага төвөгшлтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ЗТ-2.1 Архитектур, барилга бүтээцийн зураг төсөл ажлын төрлөөр тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр зураг төслөө боловсруулуулаад, зураг төсөлд нь холбогдох эрх бүхий байгууллагаар магадлал хийлгүүлээд, БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажлын төрлөөр тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр барилгаа бариулбал сая та архитектур төлөвлөлт болон үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл нь барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага болон таны аюулгүй байдлыг хангасан үл хөдлөх хөрөнгөтэй болох юм. Тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдийн тухай opendata.gov.mn цахим хуудасны барилга гэсэн бүлэг лүү ороод л зураг төслийн чиглэлээр 800 орчим, угсралтын чиглэлээр 4,400 орчим хуулийн этгээдийн нэр, бүртгэлийн дугаар, хаяг, холбоо барих утасны дугаар, тусгай зөвшөөрөл авсан огноо, тусгай зөвшөөрөл дуусах огноо, захирлынх нь нэр зэргийг нээлттэй хараарай.

дотор Мэдээ